Үндэсний спортын VI их наадмыг зохион байгуулах нэгдсэн заавар

Нэг. Зорилго

1. Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, соёлыг өсвөр залуу үеийнхэнд эвлүүлэн сургах, гадаадын жуулчид, судлаачдад сурталчлан таниулж, хөгжүүлэхэд үндэсний спортын их наадмын зорилго оршино.

Хоёр. Наадмын зохион байгуулалт

2.1 Үндэсний спортын VI их наадам (цаашид “Их наадам” гэх)-ыг зуны болон өвлийн төрлөөр ангилан зохион байгуулна.

2.2 Их наадмын хүрээнд үндэсний спортыг олон улсад сурталчлан таниулах, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зуны наадамтай уялдуулан соёл, спортын “Нүүдэлчин” фестивалийг зохион байгуулна.

Гурав. Наадмын спортын төрөл

3.1 Монгол Улсын хэмжээнд олон нийтийн дунд түгээмэл дэлгэрсэн зуны 10, өвлийн 4 үндэсний спортын төрлөөр их наадмыг зохион байгуулна.

3.2 Зуны төрлийн тэмцээнийг 2 үе шаттай, өвлийн төрлийн тэмцээнийг нээлттэй зохион байгуулж их наадмын аваргыг тодруулна.

3.3 Их наадмын зуны төрөл

3.3.1 Үндэсний бөх

3.3.2 Үндэсний сурын харваа

3.3.3 Хурдан морины уралдаан

3.3.4 Шагайн харваа

3.3.5 Ширээний шагай

3.3.6 Жороо морины уралдаан

3.3.7 Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч

3.3.8 Буриад сурын харваа

3.3.9 Урианхай сурын харваа З.З.10.Уламжпалт сурын харваа

3.4 Их наадмын өвлийн төрөл

3.4.1 Мөсний шагай

3.4.2 Мөсний сурын харваа

3.4.3 Тэмээн поло

3.4.4 Хурдан тэмээний уралдаан

Дөрөв. Наадам зохион байгуулах үе шат, хугацаа

4.1 Зуны төрөл: Их наадмын зуны төрлийн тэмцээнийг улсын хэмжээнд 2 үе шаттай зохион байгуулна.

4.1.1 Анхан шатны тэмцээн: Аймаг, дүүргийн хэмжээнд 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны дотор их наадмын зуны төрлийн шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах анхан шатны тэмцээнийг зохион байгуулна. /Их наадмын хурдан морины уралдаан "Уяачдын баярын өдөр орон нутгаас шууд оролцоно/

4.1.2 Шигшээ тэмцээн: Зуны төрлөөр их наадмын шигшээ тэмцээн 2018 оны 08 дугаар сарын 11-15-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Хүй Долоон худагт болно. Их наадмын шигшээ тэмцээнд зөвхөн анхан шатны тэмцээнээс шалгарсан баг, тамирчид оролцоно.

4.2 Өвлийн төрөл: Их наадмын өвлийн төрлийн тэмцээнийг зохион байгуулалтын хувьд улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нээлттэй зохион байгуулна.

4.2.1 Үндэсний спортын өвлийн төрлийн Мөсний шагай, Мөсөн сурын харвааны тэмцээнийг 2018 оны 02 сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, Тэмээн поло, хурдан тэмээний уралдааныг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 3 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тав. Наадмын удирдлага, зохион байгуулалт.

5.1 Их наадмын ерөнхий удирдлага, зохион байгуулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн А/325 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний спортын VI их наадмыг Зохион байгуулах хороо улсын хэмжээнд хангаж ажиллана.

5.2 Анхан шатны тэмцээнийг аймаг, дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдсон орон нутгийн Биеийн тамир, спортын газар, боловсролын болон соёлын асуудал хариуцсан орон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн үндэсний спортын салбар холбоод, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн орон нутгийн Зохион байгуулах хороо хариуцан зохион байгуулна.

5.3 Их наадмын шигшээ тэмцээний зохион байгуулалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар мэргэжил, арга зүйгээр хангана.

5.4 Их наадмын зуны төрлийн шигшээ тэмцээнийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах орон нутгийн Засаг даргын захирамжаар батлагдсан Дэд хороо зохион байгуулалтыг хариуцан ажиллана.

5.5 Их наадмын хүрээнд зохион байгуулах “Нүүдэлчин” фестивалийн зохион байгуулалтыг Их наадмын Зохион байгуулах хороо удирдлага, арга зүйгээр хангаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын тушаалаар байгуулах Ажлын хэсэг зохион байгуулалтыг хариуцаж ажиллана.

Зургаа. Наадмын санхүүжилт.

6.1 Анхан шатны тэмцээний зохион байгуулалтын зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

6.2 Наадмын шигшээ тэмцээний зохион байгуулалтын зардлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хариуцна.

6.3 Өвлийн төрлийн тэмцээн, наадмын шигшээ тэмцээнийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар нэмэлт санхүүжилт гаргаж, хамтран ажиллана.

6.4 Өвлийн төрлийн тэмцээн зуны төрлийн шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын байр, хоол, унааны зардлыг тухайн орон нутаг, үндсэн байгууллага хариуцна.

6.5 Их наадмын хүрээнд зохион байгуулах “Нүүдэлчин” фестивалийн үзүүлэх тоглолтод оролцох аймаг, орон нутгийн баг бүрэлдэхүүний замын зардал, тоглолтыг аймаг орон нутагтаа зохион байгуулахад санхүүгийн тодорхой хэмжээгээр мөн фестивалийн зохион байгуулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Монгол Улсын Засгийн газрын “Спортыг дэмжих сан”-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна.

Долоо. Наадамд шалгаран оролцох журам

7.1 Их наадмын өвөл, зуны төрлийн тэмцээнийг Нэгдсэн заавар болон энэхүү зааварт нийцүүлэн тухайн үндэсний спортын холбооноос баталсан заавраар зохицуулна.

7.2 Өвлийн төрлийн тэмцээнд оролцох.

7.2.1 Өвлийн төрлийн тэмцээнд баг тамирчдыг харьяалах байгууллагын нэрийн өмнөөс албан ёсны мэдүүлгийн дагуу бүртгэн нээлттэй оролцуулна.

7.2.2 Өвлийн төрлийн тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газарт албан бичгээр хүргүүлэх ба www.sport.gov.mn цахим хаягаар бүртгүүлсэн байна.

7.2.3 Цахим бүртгэл тухайн тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө нээгдэж, тэмцээний техникийн зөвлөгөөн болохоос 1 хоногийн өмнө хаагдана. Цахим бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд мандат олгохгүй.

7.2.4 Өвлийн төрлийн тэмцээнд оролцох баг, тамирчдын мандатыг спортын төрөл тус бүрийн техникийн зөвлөгөөний өмнө олгоно.

7.2.5 Өвлийн төрлийн тэмцээн тус бүрийн техникийн зөвлөгөөнийг тухайн тэмцээний өмнөх өдрийн 11:00 цагт тэмцээн тус бүрийн зааварт заасан газарт зохион байгуулна.

7.3 Наадмын шигшээ тэмцээнд шалгаран оролцох:

7.3.1 Их наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчид нь мэдүүлгээ, анхан шатанд оролцсон тухай тэмцээний тайлангийн хамт шигшээ тэмцээн эхлэхээс 10 хоногийн өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газарт албан бичгээр хүргүүлж, www.sport.gov.mn цахим хуудсанд бүртгүүлсэн байх ба Хурдан морины уралдаанд орон нутгаас оролцох уяачид Монголын Морин Спорт Уяачдын Холбоонд бүртгүүлсэн байна.

7.3.2 Аймаг, дүүргийн анхан шатны тэмцээнийг зохион байгуулах хорооноос ирүүлсэн мэдүүлэг, анхан шатны тэмцээний тайланг үндэслэн мандатыг 2018 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн 10:00 цагт Хүй долоон худагт байрлах Үндэсний спортын VI их наадмыг Зохион байгуулах хорооны штабт олгоно.

7.4 Зуны төрлийн шигшээ тэмцээний техникийн зөвлөгөөнд баг, тамирчид ирэхдээ эмчийн үзлэгт орсон тэмдэглэл бүхий аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газрын даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан мэдүүлэг, анхан шатны тэмцээний тайлан, протоколыг эх хувиар нь авч ирсэн байна.

7.5 Баг, тамирчид их наадмын шигшээ тэмцээнд оролцохдоо анхан шатны тэмцээнд оролцсон орон нутгийн нэрийн өмнөөс оролцоно.

7.6 Анхан шатны тэмцээнд оролцоод шалгараагүй тохиолдолд өөр засаг захиргааны нэрийн өмнөөс наадмын шигшээ тэмцээнд оролцохыг хориглоно.

7.7 Наадмын шигшээ тэмцээнд оролцогч баг, тамирчдаас мандатын хураамж авахгүй.

7.8 Их наадмын өвлийн төрлийн тэмцээн, зуны төрлийн шигшээ тэмцээнд оролцох тамирчид эрсдэлийн даатгалд заавал хамрагдсан байна.

Найм. Наадмын шагнал, урамшил

8.1 Наадмын анхан шатны тэмцээний төрөл тус бүрд I, II, III байр эзэлсэн баг тамирчдыг орон нутгийн зохион байгуулах хорооны шагналаар;

8.2 Өвлийн төрлийн тэмцээн зуны төрлийн шигшээ тэмцээнд медальт байрт шалгарсан баг, тамирчдыг наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоол "Үндэсний хэмжээний мөнгөн шагналаар;

8.3 Үндэсний спортын VI их наадмын спортын төрлүүдийн тэмцээнийг сайн зохион байгуулсан спортын холбоодыг шалгаруулж, эхний 3 байрт цом, өргөмжлөл, дараах мөнгөн шагналыг олгоно. Үүнд:

  1. байр – 3,000,000 төгрөг
  2. байр – 2,000,000 төгрөг
  3. байр – 1,000,000 төгрөг

8.4 Их наадамд баг тамирчдаа амжилттай бэлтгэн, зохион байгуулж оролцуулсан 8 аймаг, дүүргийн засаг захиргааны нэгжийг шалгаруулж өргөмжлөл, цом, дараах мөнгөн дүнтэй дүйцэхүйц үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна. Үүнд:

  1. байр – 10,000,000 төгрөг
  2. байр – 7,000,000 төгрөг
  3. байр – 5,000,000 төгрөг
  4. байр - 3,000,000 төгрөг
  5. байр - 2,000,000 төгрөг
  6. байр - 1,000,000 төгрөг

8.5 Засаг захиргааны нэгжийг дүгнэх журмыг Үндэсний спортын их наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцүүлэн баталж, хорооноос томилогдсон хараат бус шүүгчдийн баг дүгнэж, шалгаруулна.

Ес. “Нүүдэлчин” фестиваль

9.1 "Нүүдэлчин" фестивалийг 2018 оны 08 дугаар сарын 12-14 өдрүүдэд Улаанбаатар хотноо "Хүй долоон худаг"-т зохион байгуулна.

9.2 "Нүүдэлчин" фестивалийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:

9.2.1 Аймаг, орон нутгийн өвөрмөц онцлогийг харуулсан үндэсний уламжлалт тоглоом, наадгай, соёлын өз, үндэсний спортоос бүрдсэн үзүүлэх тоглолт, үзэсгэлэн;

9.2.2 Үндэсний спортын нээлттэй тэмцээн

9.3 Үзүүлэх тоглолт:

9.3.1 Зохион байгуулах хорооноос аймаг, орон нутгийн өвөрмөц онцлогийг харуулсан үндэсний уламжлалт тоглоом, наадгай, соёлын өв, үндэсний спортын төрлийг санал болгон "Нүүдэлчин” фестивальд оролцуулна.

9.3.2 Үзүүлэх тоглолтыг тухайн спортын өвөрмөц онцлог, дэг, жаяг, ёс заншил, уламжлал, түүх, спортын дүрэм, журам зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулах, иргэдэд биечлэн хийж үзэх боломжоор хангах, өсвөр залуу үеийнхэнд зааж сургах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

9.3.3 Үзэгчдийн талархал хүлээсэн шилдэг 3 үндэсний спортын үзүүлэх тоглолтыг наадмын дурсгалын медаль, өргөмжлөл, 2,000,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

9.4 Нээлттэй тэмцээн:

9.4.1 “Нүүдэлчин” фестивалийн үеэр дараах үндэсний спортын төрлүүдээр олон нийтэд сурталчлан хөгжүүлэх, шинээр сэргэж буй төрлүүдийг танилцуулах зорилгоор нээлттэй тэмцээнийг зохион байгуулна. Үүнд:

9.4.1.1 Монгол Үндэсний бөх

9.4.1.1 Үндэсний сурын харваа

9.4.1.1 Шагайн харваа

9.4.1.1 Монгол шатар

9.4.1.1 Морин поло

9.4.1.1 Морьт сурын харваа

9.4.1.1 Их талын хүчтэн

9.4.2 Нээлттэй тэмцээнд эхний 3 байр эзэлсэн баг тамирчдыг өргөмжлөл, 1 дүгээр байр - 300,000 төгрөг, 2 дугаар байр - 200,000 төгрөг, 3 дугаар байр 100,000 төгрөгөөр тус тус шагнана.

9.5 “Нүүдэлчин” фестивалийн нээлттэй тэмцээн болон үзүүлэх тоглолтод оролцох баг, тамирчид, хувь хүн фестивальд оролцох хүсэлт, цахим бүртгэлийг2018 оны 07 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газрын www.sport.gov.mn цахим хаягаар бүртгүүлсэн байна.

9.6 Фестивалийн үеэр аймаг бүр орон нутгийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргах, соёлын өв болон аймаг, орон нутгаа танилцуулах соёл урлагийн хөтөлбөртэй байна. Хөтөлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 01-05-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газарт хүлээж авна.

9.7 Аймаг, орон нутгийн үзүүлбэрийн нэгдсэн хөтөлбөр, нээлттэй тэмцээний хуваарь, зааврыг Зохион байгуулах хороо батална.

9.8 Их наадмын хүрээнд зохион байгуулах “Нүүдэлчин” фестивалийн нээлттэй тэмцээнд оролцох баг тамирчид замын зардлаа өөрсдөө хариуцна.

Арав. Наадмын зуны болон өвлийн төрөлд нэг байгууллагаас оролцох хүний тоо

Спортын төрөл Хугацаа Багийн бүрэлдэхүүн Шигшээ тэмцээн явагдах газар
Дүрэм, заавар II шат
1 Үндэсний бөх Монголын Үндэсний Бөхийн холбооноос гаргасан зааврын дагуу 11-15/VIII Багийн барилдаан нь улс, аймаг, сумын цолтой 3 бөх, нийтийн монгол бөхийн шандастан нэг нийт 4 бөхөөс бүрдэнэ. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
2 Үндэсний сур Монголын Үндэсний Сурын холбооноо гаргасан зааврын дагуу 11-15/VIII Багийн болон цуваа харваагаар: Баг 14 харваачтай, 5 хүртэлх эмэгтэй харваач байж болно. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
3 Буриад сур Буриад Сурын холбооноос гаргасан зааврын дагуу 11-15/VIII Багийн болон цуваа харваагаар /мож/ 12 хүний бүрэлдэхүүнтэй байна. Эмэгтэй харваач 4-өөс дээшгүй байна. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
4 Урианхай сур Урианхай Сурын холбооноос гаргасан зааврын дагуу 11-15/VIII Баг 10-12 харваачтай байна. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
5 Уламжлалт харваа Уламжлалт харваачдын холбооноос гаргасан зааврын дагуу 11-15/VIII Баг 5 харваачаас бүрдэнэ. 4 ба 3 эрэгтэй 1 ба 2 эмэгтэй байна. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
6 Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч Морин спорт саад харайлт, уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын холбооноос гаргасан зааврын дагуу 11-15/VIII Баг уургач, бугуйлч, эмнэг булгиулагч гэсэн 3 тамирчин, 1 ахлагч нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй байна. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
7 Ширээний шагай Монголын Ширээний Шагайн холбооноос гаргасан зааврын дагуу 11-15/VIII Багийн болон ганцаарчилсан төрлөөр насанд хүрэгчид: 1 эрэгтэй, 1 эмэгтэй. Өсвөр үе 1 охин, 1 хөвгүүн нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй байна. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
8 Шагайн харваа Монголын Шагайн харвааны холбооноос гаргасан зааврын дагуу 11-15/VIII Багийн болон цуваа харваагаар харвана. Баг бүрэлдэхүүн 7-9 харваачтай байна. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
9 Жороо морь Монголын Жороо морин спортын холбооноос гаргасан зааврын дагуу 11-15/VIII Аймаг бүрээс шалгарсан нэг шилмэл жороо морь оролцоно. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
10 Хурдан морь Монголын Морин спорт, уяачдын холбооноос гаргасан зааврын дагуу 09-10/VIII Уяачдын баярын хүрээнд зохиогдох хурдан морины уралдааны 6 насны айргийн 5 морь Их наадмын шагналтай. Улаанбаатар хот, Хүй долоон худаг
11 Мөсний шагай Монолын Үндэсний Мөсөн Шагайн холбооноос гаргасан зааврын дагуу 23-25/III Талын харваа болон цуваа харваагаар зохион байгуулагдана. Улаанбаатар хот,

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
12 Тэмээн поло Монголын Тэмээн Поло спорт уралдаан аяллын холбооноос гаргасан зааврын дагуу 05-08/III Багийн бүрэлдэхүүн 5 хүнтэй байна. Өмнөговь аймаг, Даланзадгад сум
13 Хурдан тэмээний уралдаан Монголын Тэмээн Поло спорт уралдаан аяллын холбооноос гаргасан зааврын дагуу 05-08/III Монгол тэмээ, эрлийз тэмээ гэсэн ангиллаар зохион байгуулна. Өмнөговь аймаг, Даланзадгад сум
14 Мөсөн сурын харваа Монголын Мөсөн сурын харвааны холбооноос гаргасан зааврын дагуу 23-25/III Тэмцээнийг багийн болон цуваа харвааны төрлөөр явуулна. Баг 10 харваач, 10 сур/чих/-тай байна. Улаанбаатар хот,

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Арван нэг. Их наадмын спортын төрлүүдийн зааврын тодотгол

11.1 Үндэсний бөхийн барилдаан

Нэг багийн бөхчүүд нь заавал тухайн аймаг, дүүрэг, хорооны үндсэн буюу харьяат байх, Аймаг, дүүрэг бүрийн багийн барилдаан нь улс, аймаг, сумын цолтой 3 бөх, нийтийн монгол бөхийн шандастан нэг нийт 4 бөхөөс бүрдэнэ.

Багууд сугалаагаар 6 хэсэгт хуваагдан тойргийн журмаар барилдана.

"Хөдөөгийн хүчтэн", "Нийслэлийн хүчтэн", “Улсын хүчтэн” гэсэн ангиллаар зохион байгуулагдана. “Хөдөөгийн хүчтэн” бөхийн барилдаанд хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч байгаа бөхчүүдийн дунд, “Нийслэлийн хүчтэн” бөхийн барилдаанд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нутгийн бөхчүүдийн дунд зохиогдоно. Бөхчүүд тухайн аймаг, орон нутгийнхаа дэвжээг төлөөлөн оролцох бөгөөд баг давхардан оролцохгүй.

“Улсын хүчтэн” барилдааныг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулдаг оны тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” бөхийн барилдааны журмаар явуулна. Энэхүү журмыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос боловсруулан орон нутгийн дэвжээдэд хүргүүлнэ.

“Хөдөөгийн хүчтэн”, “Нийслэлийн хүчтэн", “Улсын хүчтэн”-ий Шигшээ барилдааныг Улаанбаатар хотод нэгэн зэрэг зохион байгуулна. /мөнгөн шагнал/

Багийн тамирчдынхаа мэдүүлэг, бичиг баримт (иргэний үнэмлэх, цолны үнэмлэх, анхан шатны болон бүсийн тэмцээнээс шалгарсан тухай тодорхойлолт, барилдааны тэмдэглэл)-ыг тодорхой, үнэн зөв бүрдүүлсэн байна.

11.2 Үндэсний сурын харваа

Баг нь 14 харваачтай байх ба эмэгтэй 5-аас дээшгүй байна. Үндэсний сурын харваа нь багийн болон цуваа, зэв нүүлгэх харваагаар дүрмийн дагуу явагдана. Зэв нүүлгэх харваанд эвэр нум эх орны үйлдвэр болон орчин үеийн нум гэсэн 2 төрлөөр явагдах ба сум модон сум байна.

Шигшээ тэмцээнд шалгаран оролцох багийн тооноос шалтгаалан тэмцээн ямар системээр явагдахыг Техникийн зөвлөгөөнөөр шийднэ. Бүх харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай Монголд үйлдвэрлэсэн нумаар 5 ширхэг модон сумтай харвана. Сум хугарсан тохиолдолд сэлгээний харваачийг оролцуулж тоглолтыг явуулна.

Багийн ахлагч, дасгалжуулагч нар Харваачдын аюулгүй байдлын заавар №2016-тай харваачдаа танилцуулан гарын үсэг зуруулсан байна.

11.3 Хурдан морины уралдаан

Монголын Морин спорт, уяачдын холбооноос 8 дугаар сарын 9-10-ны өдөр зохион байгуулагдах “Уяачдын баяр”-ын өдөрт зориулсан Хурдан морины уралдаанд оролцсон 6 насны айргийн 5 морины унаач хүүхэд, уяач нарт Их наадмын медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. /орон нутгаас оролцох уяачид Монголын Морин Спорт Уяачдын Холбоонд урьдчилан бүртгүүлсэн байна/

11.4 Шагайн харваа

Үндэсний спортын VI их наадам 21 аймгийн бүх салбар холбоод багийн тоо хязгаарлахгүйгээр оролцож болно. Нэг баг 7-9 харваачтай байна. Тэмцээн Монголын Шагайн Харвааны Холбооны дүрмийн дагуу багийн болон цуваа харваагаар нээлттэй явагдана. Аймаг, дүүргээс сайн амжилт үзүүлсэн 1 баг Шигшээ наадмын харваанд орно.

11.5 Ширээний шагай

Ширээний шагайн төрөл нь ганцаарчилсан болон багийн төрлөөр зохион байгуулагдана. Тэмцээнийг хасагдах системээр явуулна.

Тэмцээн шагайн спортын зориулалтын стандартын ширээн дээр явагдана. Ганцаарчилсан төрлөөр насанд хүрэгчид болон 16 нас хүртэлх хөвгүүд, охид тус бүртээ морь уралдах, шагай няслах, шагай атгах ангиллын нийлбэр дүнгээр аваргуудыг тодруулна.

Ширээний шагайн багийн төрөлд оролцох багийн бүрэлдэхүүн

Спортын төрөл Оролцох хүний тоо
Насанд хүрэгчид 16 нас хүртэлх
Эр Эм Эр Эм
1 Найман шаргын уралдаан (морь уралдуулах) 1 1 1 1
2 Шагай атгах (шүүрэх) 1   1  
3 Шагай няслах   1   1

Жич: Дутуу гишүүнтэй баг тэмцээнд оролцох боломжгүй. Багийн гишүдийн нийлбэр дүнгээр аварга тодорно.

11. 6 Буриад сурын харваа

Буриад сурын харвааны уламжлалт үндсэн төрөл “Мож” /баг/ харваа болон цуваа харваагаар явуулна.

Баг нь 10-12 хүний бүрэлдэхүүнтэй байх ба “Мож” харваанд оролцох багийн харваач бүр 6 үрдхийтэй нэг баг 60 үрдхийтэй байна.

11.7 Уламжлалт харваа

Цуваа болон багийн харваагаар зохион байгуулагдах бөгөөд баг нь 5 хүнтэй 2 хүртэл эмэгтэй харваачтай байна. Цуваа харваа нь нийт харваачдын харваж дууссаны дараа байр эзлүүлж эхний 32 харваачийг оноогоор нугалж халз харвуулна.

Үүнээс дахин 16 харваачийг дахин нугалж, шалгарсан 8 харваачаас эхний 3 байр шалгаруулна. Баг нь иж бүрэн үндэсний хувцастай байна.

Нэг босоондоо 5 сумаар харвана. Сум буцаахгүй. Саадагтаа 5 сумнаас илүү сумтай байхыг хориглоно.

11.8 Урианхай сурын харваа

Цуваа болон багийн харваагаар зохион байгуулагдах бөгөөд баг нь 12 харваачтай байх бөгөөд 20 ширхэг сур /чих/-тай байна.

Шигшээ тэмцээнд баг тамирчид оролцохдоо дүрэмд зааснаар харваачид нь эвэр элэгтэй шөрмөсөн артай, модон хавчаахай нумаар харвана.

Харваач бүр үндэсний хувцастай байна. Гурван сумаар харвана, сум буцаахгүй.

11.9 Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулагч

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан уран уургач, бугуйлч, эмнэг хангал булгиулагчийн төрөлд шалгарсан тус бүр нэг, нэг тамирчин, дасгалжуулагч Шигшээ тэмцээнд оролцоно.

Шигшээ тэмцээнд оролцох эрх авсан тамирчдын нэр дээр өөр тамирчин орохыг хориглоно.

Адууг уургалах, бугуйлдах тэмцээн нь төрөл тус бүртээ шургуулж, морьтой хөөж уургалах, бугуйлдах гэсэн 2 төрлөөр явагдана.

Тамирчдын даатгалыг оролцуулж буй байгууллага хариуцна. Уран уургач, бугуйлч, эмнэг хангал булгиулагчийн төрөлд оролцох тамирчид уурга, бугуйл, эмээл, хазаар, хуйваа өөрсдөө бэлтгэж ирнэ.

11.10 Жороо морины уралдаан

Монгол жороо морийг унах өвгөдийн уламжлалт арга, ёс заншилд тулгуурлан, орчин үеийн стандарт морин тойруулгын орчин, дэвшилтэт технологиор уралдааныг шүүх зарчмаар зохион байгуулна.

Уралдаанд 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 1 жороо морь, унаач тамирчин оролцоно. Монголын Үндэсний Жороо Морины Спортын Холбооноос баталсан журмын дагуу тойргоор уралдана.

Морь унаач тус бүрийг харуулсан камерын системээр уралдааныг шүүнэ. Жороо явдлаа алдахгүйгээр хамгийн богино хугацаанд барианд орсныг түрүүлсэнд тооцох зарчмаар шалгаруулна.

Уралдааны үед морийг зог тусах, цогих, шогших зэргээр хөл алдуулж хэрхэвч болохгүй бөгөөд үүнийг алдаа гэж тооцон, уралдааны хугацааг нэмэгдүүлнэ. Уралдах дарааллыг сугалаагаар тогтоон, хэсэгт хуваарилна.

Шигшигдэж үлдсэн 6 морийг 3,3-аар дахин тойруулж 1,2,3-р байр эзлүүлнэ.

11.11 Мөсний шагай

Цуваа харваа болон талын харвааны төрлөөр нээлттэйгээр зохион байгуулагдана. Үндэсний спортын их наадмын мөсний шагайн төрөл нь Монголын Үндэсний мөсний шагайн холбооны “Тэмцээн явуулах дүрэм”-ийн дагуу зохион байгуулагдана.

Баг, тамирчид нь үндэсний хувцастай байна. Тамирчид 5 дэвжээнд хуваагдан цуваа харваагаар 20 сум харван дэвжээ тус бүрээс хамгийн өндөр оноотой 8 харваач, Талын харваанд хамгийн өндөр оноотой 4 тал буюу 8 харваач аваргын төлөө өрсөлдөнө. Цуваа харваа болон Талын харваагаар тус бүр эхний 3 байр эзлүүлнэ.

11.12 Тэмээн Поло

Үндэсний спортын VI их наадмын Тэмээн Полоны тэмцээнд оролцох баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тэмцээнд оролцогчид тэмээний тохшинд татлага, даруулга хийж дөрөөг холбосон байна. Тоглолтын үед каск бүхий хамгаалалтын малгай заавал өмсөнө. Жигд хувцас, холоос харагдах тод бичигдсэн дугаартай байна.

Тэмээний буйл, бурантаг бөх байхаас гадна ногтоор лавхан ногтолно. Тоглолт дүрмийн дагуу зохион байгуулагдана. Тэмээнд цагаан өнгийн хамгаалалт заавал хийнэ. Поло тоглох тэмээг тоглолтын өмнө 7-10 хоног уяж сойн шивхрүүлсэн байна. Тоглолтын цохиур, бөмбөг нь нэг стандарт хэмжээтэй байна.

11.13 Хурдан тэмээний уралдаан

Хурдан тэмээний уралдааныг оролцох тэмээний тоо хязгаарлахгүй, Монгол тэмээ, эрлийз тэмээ гэсэн ангиллаар зохион байгуулна.

11.14 Мөсний сурын харваа

Тэмцээнийг багийн болон цуваа харвааны төрлөөр явуулна.

Баг нь 10 харваач, 10 ширхэг сур/чих/-тай байна.

Тэмцээнд эвэр элэгтэй шөрмөсөн артай нум эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нумтай оролцох ба 2 сумаар харвана, сум буцаахгүй.

Их наадмын аварга шалгаруулах харвааг нээлттэй явуулж цуваа харвааны журмаар дүгнэнэ.

НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО